Монголд өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 19.8 хувь нь гурав дахь жилдээ явж байгаа, 80 хувь нь ямар нэг хэмжээгээр сэлбэг хэрэгсэл шаарддаг юм байна. Гэвч манай автомашин эзэмшигчид сэлбэг хэрэгслээ зөв сонгож чаддаггүй. Энэ байдлыг ашиглаж зарим нэг хүмүүс гадаадаас хуурамч сэлбэг оруулж ирэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож байгаа билээ. Жишээлбэл, автомашины чухал эд ангийн нэг бол агаарын болон тосны шүүр. Манай авто сэлбэгийн дэлгүүрүүдэд уг бүтээгдэхүүнийг их хямдхан борлуулж байгаа. Гэвч энэ нь шаардлага хангахгүй материалаар хийсэн байдгаас машины моторын эд анги амархан эвдэрдэг байна.
«Alfa Motors» компанийн захирал Ч.Ганхуяг, «Forward Motors» -ын захирал Г.Орхонтуяа, ШУТИС-ийн механик инженерийн сургуулийн дэд захирал, доктор Ц.Цэвэгжав, HBS компанийн захирал М.Халиунбат нар өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр дээрх мэдээллийг хүргэлээ. Ч.Ганхуяг «Alfa Motors» компани нь Японы «555», «NGK», «NISSHINBO», «TOCIKO» зэрэг фирмийн оргиналь сэлбэгийг Японы «SPK» компанитай хамтран оруулж ирж байна. «Ер нь бусад улс орны автомашин эзэмшигч хуурамч, хямд сэлбэгээс татгалзаж үйлдвэрийн «брэнд» бүтээгдэхүүнийг илүүтэй сонгодог болсон» гэж тэмдэглэлээ. Сэлбэг борлуулагч хувь хүмүүс Япон машины сэлбэгийг БНХАУ, ОХУ, Сингапур, Хонгконгоос ганц нэгээр нь захиж авчирдаг бөгөөд тэр нь татвар тээврийн зардлаасаа хамаарч өндөр үнэтэй байдаг. Ингэж оруулж ирсэн сэлбэг нь стандартад нийцэхгүй, машины хэвийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх нь түгээмэл. Тогтсон стандартаас ганцхан мм зөрөхөд автомашины ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдгийг Ц.Цэвэгжав доктор онцолсон.
Хурал зохион байгуулагчид «Явах эд ангиас бусад буфер, дохио зэрэгт дууриамал сэлбэг ашиглаж болно. Явах ангийн сэлбэг амортизатор, накладка, свеча, перда диск, хөтлөгчийн хагас гол чанаргүй байж болохгүй» гэж мэдэгдэв. Энэ үүднээс «Alfa Motors» компани дээрх сэлбэгүүдийг оргиналиар нь Японоос оруулж ирж байгаа. Сэлбэг худалдаалагчид эндээс бөөнөөр нь авч болох аж.
Мөн өнөөдөр болох танилцуулах өдөрлөгийн үеэр зарим хуурамч сэлбэгийг таних аргыг хэлэх юм байна.
г.цолмон
Өнөөдөр сонин №152
|