Авто үйлчилгээний салбартаа та бидний танил болоод удсан Альфа Моторс ХХК-ний 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Хэрэглэгчдийн итгэл хүндлэлийг хүлээсэн энэ компани 15 жилийн ойн ажлын хүрээнд Механик Инженерийн Сургуультай хамтран “Монголын Авто Үйлчилгээний салбарт тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж шалгарсан оюутнуудыг шагнаж урамшууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал нь авто үйлчилгээний салбарт суралцаж буй оюутнуудыг судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, сонирхолтой болгох, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, туршлага хуримтлуулах болон сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, Судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дипломын ажил бичих бэлтгэлийг хангахад чиглэгдэж байгаагаараа онцлогтой боллоо. Тус эрдэм шинжилгээний хуралд 4 их дээд сургуулийн 10 илтгэл оролцсоноос Механик Инженерийн Сургуулийн 4-р курсын оюутан Э.Чанцалдулам түрүүлж мөн тус сургуулийн магистрант Солонгобаяр, 3-р курсын оюутан Отгонбаяр нар удаах байруудыг эзэллээ.
|