НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Устөрөгчөөр ажилладаг автомашин
 
03 сарын 14, 2005
 

Дэлхийн эрдэмтэд байгаль экологид хор нөлөө ихтэй шатахуунаар ажилладаг автомашиныг халахаар олон жил ажиллаж байна. 1980 оны эхээр шатахууныг хийн түлшээр орлуулж болохыг нотолсон ч энэ нь биелж чадаагүй билээ. Учир нь хий байгалийн нөөц учир их хэмжээгээр хэрэглэвэл нефть шиг ховордож үнэ нь өсөх магадлал их. Мөн хийн түлш нь байгальд бас л хор нөлөө учруулдаг. Тиймээс эрдэмтэд ямар ч хор нөлөөгүй эрчим хүчний эх үүсвэр гаргаж авахаар шаргуу хөөцөлдсөн. XX зууны сүүлээр санаснаа биелүүлж чадсан юм. Тэр нь устөрөгчөөс цахилгаан эрчим хүч гарган авч болохыг нотолсон. Устөрөгч нь шатахуун, 'хийн' түлштэй харьцуулахад бай-гальд ямар ч хор нөлөөгүй, Хүссэн хэмжээгээрээ гарган авч болох элемент гэнэ. Шатахуугаар ажилладаг автомашины моторыг авч хаян устөрөгчийн мотор тавьснаар автомашинаас хорт утаа бус уур гарах аж.
Автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох "Форд", "Женерал моторс" зах зээлийг ийм машинаар хангах зорилт тавьсан байна. Өнгөрсөн онд тус корпорацуудын үйлдвэрлэсэн туршилтын машиныг үйлдвэрлэж АНУ-ын зах зээлд гарсан ч төдийлөн амжилт олоогүй аж. Учир нь туршилтын загварууд ердийн автомашинаас хүндийн жингээрээ хэд дахин илүү байсантай холбоотой. Нөгөөтэйгүүр ийм машин худалдан авсан хэрэглэгч тодорхой нэг газарт очиж устөрөгчийн түлшийг авах болсон.
Хамгийн гол бэрхшээлтэй тал нь устөрөгчийн түлшний системийг автомашинд суулгаснаар автомашины олон жил хэрэглэж ирсэн түлшний систем, цахилгаан мотор, тог үүсгэгч, аккумляторыг өөрчилсөн учир бага гэмтлийг хэр баргийн хүн засч чадахааргүй байсан юм. Иймээс үйлдвэрлэгчид энэ бүхнийг тооцоолж шинэ эрэлд гарсан. Хоёрхон жилийн өмнө ийм автомашиныг ашиглаж хэвшихэд наад зах нь 15 жил шаардлагатай хэмээн эрдэмтэд үзэж байв. Гэтэл саяхнаас үүнийг бүрмөсөн эвдэж устөрөгчийн түлшний системээр ажилладаг автомашиныг америкууд, цаашлаад европынхон таашааж эхэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын томоохон зургаан хотын шатахуун түгээх станцын дэргэд устөрөгчийн түлшийг түгээх станцууд олноор ашиглалтад орж эхэлсэн аж. Шинээр гарсан устөрөгчөөр ажилладаг 100 гаруй автомашин нэг өдөр зарагдаж, захиалга их ирсэн байна. Мөн устөрөгчийг хувь хүн тусгай төхөөрөмжөөр гараашдаа гаргаж авдаг төхөөрөмжийг эрдэмтэд зах зээлд нийлүүлжээ. Ийм автомашиныг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг АНУ-ын Засгийн газраас дэмжиж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш энэхүү үйлдвэрлэлийг дэмжиж олон тэрбум долларын хөрөнгө оруулахаа амласан байна. Устөрөгчийг хэрхэн гаргаж авдаг талаар сонирхуулахад, устөрөгчөөс цахилгаан гаргаж авах хамгийн энгийн арга нь устөрөгчийг хийн баллонд хадгалж эрчим хүч шаардлага¬тай үед агаарын хүчил төрөгчтэй урвалд оруулахад эрчим хүч ихээр ялгардаг аж. Устөрөгчөөс эрчим хүч гаргаж авах технологи нь хамгийн сүүлийн үеийнх. Тиймээс хий шиг дэлбэрнэ гэж санаа зоволтгүй хэмээн эрдэмтэд нотлож байгаа. Орчин үед эрдэмтэд томоохон хотуудын эрчим хүч гаргаж авдаг ца¬хилгаан станцуудыг ийм зарчмаар ажилладаг болно гэж итгэж байна. Устөрөгчийг хүссэн хэмжээгээрээ гарган авч удаан хадгалахад гаж нөлөөгүй учир дэвшилтэт технологи гэж эрдэмтэд зөвлөжээ. Ирэх дөрөвдүгээр сард "Форд", "Женерал моторс" компаниуд хамтран дан ийм машины үзэсгэлэнг гаргахаар болсон. Тиймээс хүн төрөлхтөн, байгаль экологид хор нөлөөгүй найдвартай автомашин унах үе ирлээ хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа юм.


Бэлтгэсэн Б.СОДОНБААТАР
Зууны мэдээ
№ 58 (1881)

2005 оны 03 сарын 14

 

 

» Бусад Мэдээ, мэдээлэл