НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


Европын холбооны шинэ амьсгал
 
03 сарын 14, 2005
 

Бидний суусан онгоц Чехийн нийслэл эртний түүхт Прага хотын Рузине олон улсын буудлын бүх зурваст газардлаа. Эргэн тойрон цас ихтэй хэдий ч талбай нь цэмцгэр цэвэрхэн юм. Буудлын дамжин өнгөрөх танхимийн дундуур ирж байгаа, явж буй зорчигчид зэрэгцэн зөрж өнгөрөх нь их усны урсгал лугаа адил. Энэ танхимийн хананд байх тод зарыг лавлаваас, хаанахын хэн боловч эх орондоо буцаж очихоос татгалзвал тухайн шалтгаанаа бичээд нисэлгүй үлдэж болох тухай юм гэнэ. Хүний эрх, эрх чөлөөг үнэхээр хүндэтгэдэг нь энэ жижигхэн зүйлээс ч харагдаж байх ажээ. Москвад хоноод Прагад газардахад эрх чөлөөний амьсгал илүү түлхүү мэдэгдэнэ. Хил, гаалийн шалгалт, үзлэг нь ч бас Москвагийн "Шеремьетево-2"-ыг бодвол энгийн болоод тайван, хүний эрхэм зэргийг хүндэлсэн харилцаатай.
Биднийг Барум Континен¬таль компанийн менежер ноён Пеликан угтан авч буудлын газарт хүргэх зуур Прага хотын талаар тайлбарлаж явлаа. Зам өөгүй тэгш тул хурдлан давхисаар дэлхийд нэртэй Холидэй Инн хэмээх Голландын сүлжээний зочид буудалд төдхөн хүрэлцэн ирэв. Буудлын үйлчилгээ европын өндөр зэрэглэл, цэвэр цэмцгэр байдлыг алхам тутамд мэдрүүлж байлаа.
Нэгэнт цаг зав байгаа тул Прага хоттой товчхон танилцах завшаан бидэнд олдсон юм. Аялал маань анх энэ хотын үндэс суурь тавигдсан гэх бидний хөтөч ноён Пеликаны тайлбарласан цайз маягийн дурсгалт газраас эхлэв. Цэвэр агаартай цэцэрлэгт хүрээлэнд умбах цайз дотор эртний като¬лик сүм, өнчин хүүхдийн асрамжийн газар, цэвэрхэн үйлчилгээтэи ресторан, нэрт хүмүүсийн шарилыг бунхалсан гэгээн буянт оршуулгын газар хотынхоо үе үеийн түүхийг өгүүлэн нам гүм орших аж. Эндээс Влтава мөрөн, Прагийн шилтгээн, телевизийн цамхаг зэрэг хотын төв хэсгийг сайтар харж авах бололцоотой юм. Чехийн нийслэл нь алдарт Влтава мөрний эрэгт жижиг уул толгод бүхий нам дор газар байрласан бөгөөд гудамж зам нь түүнийгээ дагаад тахирлан өгсч уруудсан тэр чигээрээ дундад зууны түүхийн үзмэр гэж хэлж болмоор уран барилга ихтэй их том биш хот шиг харагдаж байв. Католик шашны сүмд сонирхон очиход нэгэнт үдийн завсарлага болж хаалгаа барьсан байлаа. Дэргэдэх оршуул¬гын газарт Чехийн үе үеийн алдар цуутнуудын шарилыг мөнхөлдөг гэнэ. Тэнд бид хөгжмийн алдарт зохиолч, яруу найрагч, уран зураачдаас эхлэн нэрт хөл бөмбөгчний шари¬лыг олж үзэж болно, Харин дарга нарын шарил байдаггүй ажээ. Улс төрийн удирдагчдыг энд оршуулдаггүй юм уу гэж биднийг асуухад энэ бол үндэстний хувьд их л ариун дагшин газар тул нэг ч улс төрчдийн шарил, хөшөө дурсгал энд байхгүй гэж хариулж байна, /Энэ зуур манай Алтан-Өлгийд гол төлөв дарга нарын шарилын хөшөө дурсгал данхайж байдаг нь санаанд ороод өнгөрөв/
Мөнхүү цайзаас явгалан бууж, ойрхоны нэгэн гудамжинд орших "Правек" зоогийн газарт хооллохоор явах замд бямба гариг болоод ч тэр үү, хөдөлгөөн бага сэлүүхэн байх ажээ. Хүн цөөн харагдах хэдий ч хашлагыг нь дагуулан зайгүй шахам автомашин тавьсан цэ¬вэрхэн бөгөөд нам гүм гудамжууд үргэлжилнэ. Чех улс нэг хүнд оногдох автомашины тоогоор европод нэлээд дээгүүр ордог гэж ярьж байна. Машин гэснээс, энд манайх шиг хүн нь машинаа биш харин машинтай нь явганыгаа хүндлэх зарчим үйлчилдэг болохыг өөрөө үзлээ. Замын хөдөлгөөний хууль, дүрэмд нь юу гэж заасан байдгийг мэдсэнгүй. Харин би өөрөө нэг биш удаа машиныг эхэлж өнгөрөөх гэж хий дэмий зогссоны эцэст явган зорчигч нь эхэлж явах ёстой юм байна гэдгийг сайтар ойлгож авсныгаа дурьдахаас болохгүй нь.
Ресторан, дэлгүүрт юуны өмнө үйлчлэгч, худалдагч на¬рын эелдэг харилцаа хүний сэтгэлийг татна. Энд хүнсний болон жижиг барааны дэлгүүр ажиллуулж байгаа вьетнамчууд, ресторан, хоолны газар нээсэн хятад хүмүүс элбэг тааралдах юм. Прагийн хүн ам хэд хүрч байгааг сонирхон асуухад хөтөч маань манай суугчид вьетнам, хятад, украйн, монгол хүмүүстэйгээ нийлээд... хэмээн хошигнон хариулж явав. Чех улсын нийслэлд 1,2 сая орчим хүн амьдардаг ажээ. Өвөл зунгүй хөлхөж байх жуулчдыг оруулан тоолбол энэ тоо нэлээд өсөх янзтай. Хятад руу Цагаан хэрэм, Орос руу Эрмитаж үзэх гэхчилэн жуулчилдаг бол Чехэд ердөө зөвхөн Прагийг үзэх гэж олон хүн ирдэг бололтой.
Рестораны хоолны үнэ янз бүр, манайхтай харьцуулахад өндөр талдаа боловч хоолны сонголт маш их, амт чанар гойд байх юм. Чехүүдийн үндсэн хоол нь гахайн мах боловч үхэр, тахиа, буга, загас тэр бүү хэл тэмээн хяруулын махаар олон төрлийн амтлаг хоол хийж үйлчлэх нь хүний сонирхлыг их татдаг ажээ. Сүүлийн үед тэмээн хяруулын аж ахуй их хөгжүүлж байгаа гэнэ. Түүний мах холестрин агуулдаггүйгээс гадна энэ шувуунаас ер нь хаях юм гардаггүй. Зөвхөн арьсаар нь гэхэд маш сайн чанарын савхин эдлэлийг үйлдвэрлэж болдог их ашигтай гэж магтан тайлбарлах юм. Хяруу¬лын мах үнэхээр амттай, хэлээ хазмаар байсан шүү. Зууш болгон тавьсан чехийн шарсан хиам ч бас гоц байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй биз. Хоол¬ны даруулга болгон шар айраг, төрөл бүрийн дарсыг хэрэглэдэг тул бид ч бас 1807 оноос анх үйлдвэрлэсэн олон төрлийн эмийн ургамлын үн¬дэс орсон тусгай нууц жороор бэлтгэдэг чехийн алдарт "Бехе-ровка" ликерийг хоолны өмнө ууцгаалаа. Энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах эмчилгээний чанартай аж. Энэ орны ард түмэн бор дарсыг тохируулан хэрэглэж сурсан нь гайхалтай. Бехеровкаг манайхан шиг шил шилээр нь хөнтөрвөл маргааш босч чадахгүйгээр толгой өвтгөх болно гэх.
Прага хотын төв хэсэг Пра¬гийн шилтгээн, Stare Mesto, Karluv Most гэж үргэлжлээд л түүх дурсгалаар дуүрэн гудамжуудтай учир нэг сайн газрын зурагтай байхад ганцаараа ч гэсэн явган яваад танилцчихаж болмоор санагдана. Гэхдээ сайн тайлбарлагч үгүй бол Че¬хүүдийн түүхийн аль үед хамаарах, ямар гэдэг дурсгал үзсэнээ ойлгож тогтоолгүй өнгө¬рөх гэмтэй. Хотын төв энэ хэсэгт жуулчид нэн олон. Дийлэнх нь баруун европынхон байх боловч оросууд ч ихээр ирдэг болсон юм байх. Энэ нь үнэн бололтой. Дэлгуүр гуанз, гудамж талбайгаар орос хү¬мүүс хаа сайгүй тааралдана. Мөн солонгос, япон, жуулчид ч харагдана. Манай монголчууд бас тааралдах нь жуулчид биш харин Чехэд ажиллаж, амьдардаг бололтой эмэгтэйчүүд голдуу байна. Бүх хүн нь хувийн машинтай боловч нийтийн тээвэр ч сайн юм. Метро, трамвай их хөгжсөн бөгөөд чехийн нэлээд олон хот метротой гэж ярьж байлаа. Нийтийн тээвэр нь газар дээр, газар доор явдаг, аль аль нь нэгдмэл нэг төрлийн билеттэй байна. Тасалбарын үнэ нь унааны төрлөөр биш харин замд явах хугацаагаар хэмжигдэнэ. Тухайлбал, метрогоор хоёр буудал яваад цааш бас трамвайгаар хоёр буудал явж байж очих газартаа хүрэх хүн 15 ми-нутын хучинтэй найман кроны /0.35 орчим цент/ үнэтэй тасалбар авахад хангалттай. Метронд ороход айхтар хаалт, тас няс хийсэн хаалга байхгүй боловч хүмүүс нь тасалбар заавал авч заншсан төдийгүй туулайчилсан этгээдийг торгох торгууль өндөр бололтой юм. Муу хүн идсэнээ гэдэг шиг оршил ярианаас хөндийрч алба ажлын тухай хэдэн үг хэлье. Хоёрдугаар сарын 21-ний өглөө Barum Continental компанийн бизнес юнайтын ажилтан Роман намайг Германы алдарт Continental группийн Европ тив дэх хамгийн том үйлдвэрийн нэг болох Отроковице хот дахь Барум Континенталь хэмээх дугуйны үйлдвэртэй танилцуулахаар авч явлаа. Гер¬маны Мерседес бенц, БМВ, Ауди зэрэг нэрд гарсан машинууд Континенталь группийн дугуйг хэрэглэдэг гэдгийг манайхан мэдэх байх. Барум нь чехийн хамгийн том дугуйны үйлдвэр байсан бөгөөд Кароса маркийн автобусанд ирдэг бай¬сан тул дугуйг нь манайхан сайн мэднэ. Харин одоо германы Континенталь группийн үйлдвэр болсон тул Барум Кон¬тиненталь гэж нэрлэгдэх болжээ. Отроковице хот Прагаас гурван зуу гаруй км зайтай, Ро¬маны маань шкода, нэг талдаа гурван эгнээ урсгалтай хурдны замаар 120-140 км/-ц-ийн хурдтай давхисаар наяад онд монголчууд олноор ажиллаж дадлагажиж байсан Брно хотыг дайран өнгөрөхөд хурдны зам салж, жижиг хотыг холбосон ерийн асфальтан замаар дав¬хисаар хоёр цаг гаруй болоход хүрч очсон билээ. Дашрамд хэлэхэд шкода нь олон жилийн түүхтэй, дэлхийд нэртэй чех машины марк бөгөөд ийм машин дээхэн үед манай монголд ч нэлээд их байдаг байсан. Шкода автомашины үйлдвэр нь одоо германы Фольксваген группийн үйлдвэр болжээ. Чехүүд бараг бүгдээр шкода мар¬кийн машинаа унаж чанар, тав тухтайг нь байнга бахархан ярих нь онцгой. Зам зуур, ялангуяа хурдны зам дээр зөрөн өнгөрөх тэрэгний ихэнх нь Чех болон Европын холбооны бусад улс орны дугаартай трайлерууд, МАН, Сканиа, Рено, Бенц, Лиаз хэмээх аварга том ачааны машинууд байх, эдгээр нь баруун ба зүүн европын хоорондох ачаа тээврийн багагүй хувийг энэ за¬маар тээж, эдийн засгийн өсөлтийн судас цохилж байх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Манай монгол удахгүй хойд урд хоёр хөршийг холбосон замаа дуусган сайжруулж чадвал улс орны маань эдийн засгийн бас нэгэн чухал судал ингэж л лугшиж эхлэх  байхдаа  гэсэн  өөдрөг сэтгэгдэл төрж байлаа.
Барум Континенталь дээр биднийг хүлээн авч маркетингийн хэлтсийн менежер Карел Кучера, мэргэжилтэн доктор Ян матулик нар үйлдвэртэйгээ танилцуулав. Энэ том үйлдвэр тэр чигээрээ орчин үеийн бүрэн автоматжсан шилдэг тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон бөгөөд бүх төрлийн маркийн машины нэрийн дугуй үйлдвэрлэдэг ажээ. Яг технологийн процессоо нууц гээд хамаагүй үзүүлж, тайлбарлахгүй юм. Үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт технологийн ба чанарын маш нарийн бөгөөд иж бүрэң шалгалт хийж байж эцсийн бүтээгдэхүүн гардаг байна. Энэ үйлдвэрийн аварга болохыг батлахын тулд зөвхөн нэг тоо дурдахад хангалттай юм. Энд зөвхөн өндөр хурдны дугуй үйлдвэрлэн гаргадаг гэнэ. Үйлдвэртэй танилцаж байхад бидэнд орчуулж байсан хатагтай Янад талархахаас аргагүй. Үйлдвэр нь германы Конти¬ненталь группийнх тул марке¬тинг болон бусад хэлтсийн мэргэжилтнүүд герман хэлээр голлон ярих ажээ. Харин би¬дэнд зориулж Яна хатагтай арваад жил ярилгүй бараг мартсан гэх орос хэлээр ор¬чуулж өгч байсан хэрэг. Мартагдах шахсан орос хэлээр тэр тусмаа орос биш хүнтэй ярих их сонин байна гэж хэлмэрч маань инээж байлаа. Өмнө нь гол төлөв Азийн үйлдвэрүүдийг үзэж явсан миний хувьд энэ үйлдвэр технологи, ажлын байрны соёлын хувьд үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлснийг хэлэх хэрэгтэй. Буцах замдаа бидэнд бас л европын дэг журам, соёлын зах зухыг үзэх боломж тохиолдов. Юун хэмээвээс, замд гарсан цагаас эхлэн цас ихээр орж, бид ч дэлхийн цаг агаарын эрс өөрчлөлтийн тухай ярих боловч дотроо санаа зовж л явлаа. Гэтэл удаж төдөлгүй тусгай зориулалтын давс цацагч том том машинууд хаанаас ч юм гэнэт гарч ирэн бидэнтэй зэрэгцэн эгнээ эгнээгээр давс цацан хальтиргаа гулгааг арилган явах ажгуу. Ийм үйлчилгээний замд аваар ослын тухай элдэв бодлоос ангид явахаас ч өөр аргагүй юм уу даа. Прага хотод байхад надад чин сэтгэлийн анхаарал гүн туслалцаа үзуүлж байсан ноён Пеликан болон Роман нарт талархлаа илэрхийлмээр байна. Оройн хоолны дараа ганцаар Карлын гүүрээр явсан бөгөөд багана болгон нь уран баримлаар бүтээгдсэн энэхүү эрхэмсэг сайхан гүүрэн дээрээс Prazsky Hrad болон шөнийн Прага орж буй цасны гялтганах ширхэгтэй нэгдэн тун үзэмж төгсийг бүрдүүлж байлаа.
Прагийн цэлмэгхэн үдшийн тогтуунд Карлын гүүрээр зугаалан салхилж явахад хэдийгээр миний бие сэтгүүлч, зохиолч биш боловч сэтгэл аргагүй хөдлөн, замын тэмдэглэл бичиж уншигчидтайгаа хуваалцах бодол минь гүүрний хашлагын уран баримлууд дээр тогтон гялалзах цасан ширхэг шиг нэг тодрон нэг бүдгэрэн байлаа. 

Ч.ГАНХУЯГ
Зууны Мэдээ
№ 58 (1881)

 

» Бусад Мэдээ, мэдээлэл