НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


SEMA SHOW 2008 хэмээх автомашины тусгай тоноглол, төхөөрөмжийн үзэсгэлэн хүдалдаа
 
11 сарын 03, 2008
 

АНУ-ын Невада мужийн зугаа цэнгээн, казиногоороо хэдийнээс алдартай Лас Вегас хотод уламжлал болон зохион байгуулагддаг  SEMA SHOW 2008  хэмээх дэлхийн хамгийн том автомашины тусгай тоноглол, төхөөрөмжийн хүдалдааны арга хэмжээг Аutomotive Aftermarket  Products EXPO буюу Автомашины хоёрдогч зах зээлийн Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй цуг энэ жил үзэхээр урьдчилан төлөвлөж бүртгүүлсний дагуу Монголын Авто Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо болон Альфа Моторс ХХК, Юнигаз ХХК-ийг төлөөлсөн цомхон бүрэлдхүүнтэй манай баг 2008 оны 11-р сарын 3-ны өдөр Лас Вегас хотод хүрэлцэн очсон юм. Нисэх онгоцноос харагдах Монгол нутгийн минь цэлгэр уудам говь, талыг санагдуулахуйц Невадагийн цөл үдэшдээ сэвэлзүүр салхитай сэрүүвтэр боловч нарлаг дулаахан өдрүүд, алдарт Венец, Винн, Нью Йорк, Парис, зэрэг казино буудлууд Лас Вегас бульвардын шөнийн үзэсгэлэн, алдарт шоу зэргийг үл өгүүлэн чухам юуны тухай, ямар үзэсгэлэн шоу зохион байгуулагдсан талаар авто сонирхогч хэн бүхэнтэй сэгтгэдлээ хуваах зорилгоор энэхүү товч нийтлэлийг тэрлэж байгаа билээ. Юуны өмнө AAPEX 2008 Үзэсгэлэнгийн тухай өгүүлвэл энэ үзэсгэлэн нь Автомашины хоёрдогч зах зээлийн бүх төрлийн бүтээгдэхүүн буюу дугуйны нөхөөснөөс эхлээд дугуй, энгийн наклад, сэлбэг хэрэгсэл, автохими, акцессуар, хамгийн нарийн хийцтэй электрон удирдлагын систем, программ хангамж зэрэг шинэ төрлийн  бүтээлүүдээ дэлхийн шилдэг компаниуд таниулдаг онцлогтой үзэсгэлэн байлаа. Энэ үзэсгэлэн нь зөвхөн борлуулагчид болон худалдан авагчдад зориулагдсан бөгөөд 540000 орчим ам дөрвөлжин  талбайтайSands Expo center-ийн 1 болон 2 давхрын нэлээд их талбайг эзлэн зохион байгуулагддаг  гол брэндүүдийн сэлбэг, 150 илүү компаниудын багаж тоног төхөөрөмжийн асар том хэсэг, тэнхлэг, явах эд анги, хөдөлгүүрийн сэлбэг, кузов засвар будгийн бүтээгдэхүүнүүд, халаах болон хөргөх системийн бүтээгдэхүүнүүд дэлхийд тэргүүлэгч тос тосолгооны болон химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид болон 400 гаруй шинэ бүтээгдэхүүнүүдийг үзүүлэнгээр тусгайлан үзүүлж байсан. Мөн сүүлийн жилүүдэд онцлох болсон экологид хор нөлөө багатай бүтээгдэхүүний тусгай Green Way хэмээх хэсэгт гибрид автомашинууд болон экологид хор нөлөө багатай шинэ технологи, бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлж байв. Өнгөрсөн 2007 оны энэ үзэсгэлэнд 2018 оролцогч бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, 128 орны худалдааны зочид төлөөлөгчид үзэж сонирхсон байдаг.

Одоо би сайн хүлэг морьдыг хэзээнээс үнэлж хүндэлж ирсэн ард түмний хамгийн их сонирхлыг татах  SEMA SHOW 2008 авто шоу нь Special Equipment Marketers Association буюу 1963 онд анх байгуулагдсан 7000орчим гишүүн компаниудыг нэгтгэсэн Тусгай тоноглол борлуулагчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Хот Род болон уралдааны, классик, сэргээн засварласан, шинэчлэн тюнинг хийсэн, Off road, дугуй түүний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гэх зэрэг маш олон төрлөөр машиныг тоноглоход зориулагдсан  тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийг мөн эдгээр олон төрлийн тоноглолоор иж бүрэн тюнинг хийсэн үнэхээрийн шилдэг сайхан автомашинуудын хамтаар маш сонирхолтой хэлбэрээр дэлгэн үзүүлдэг Дэлхийн номер 1 шоу юм байна.     Энэ шоун дээр бид бүхний сайн таних Ford, Chrysler, Chevrolet болон бусад автомашинуудыг мөн Fox, Rancho, Bilstein, Eckler Industries, Nelson Racing Engines Inc. Billetзэрэг брэндүүдийн бүтээгдэхүүнүүдээр хэрхэн гайхамшиг болтол тоноглож болдгийг харахаас гадна автомашиныг тоноглоход шаардагддаг багаж хэрэгсэл, технологи, туслах тоноглол, будаг, химийн бүтээгдэхүүн зэрэг хамгийн олон гайхамшигт зүйлүүдийг хамгийн өргөн сонголттойгоор үзэж болдгоороо гайхамшигтай шоу юм гэж хэлж болно. Энэхүү шоуг үгээр илэрхийлэхэд миний мэдлэг дутах учир олныг үл нуршин зургийн альбомноос та бүхэнтэй худаалцья. Жил болгон улам олон Монголчууд авто сонирхогчид энэхүү шоуг үздэг болохын ерөөл тавья.

 2008 оны 11-р сарын 3-7 ны өдөр

АНУ-ын Невада Муж, Лас Вегас хот

МАҮЭ-ийн Холбооны Тэргүүн

Ч. Ганхуяг

 

» Бусад Мэдээ, мэдээлэл