| Асаалтын очлуур | ||
| 03 сарын 16, 2010 | ||
Өндөр хүчдэлийн асаалтын очлуурыг зохиосон патентыг Р. Бош анх 1902 оны 01-р сарын 07 өдөр авчээ. Бош 1902 ондоо 300 орчим ширхэгийг үйлдвэрлэсэн бол 100 жилийн дараа уг хэмжээ жилд 350 сая болтлоо өсч анх гарснаасаа хойш 7,5 тэрбум ширхэг үйлдвэрлэгджээ. Энэ түүхэн үеийг хүртэлх агаар түлшний хольцыг авалцуулсан янз янзын аргыг хэрэглэдэг байв. Цилиндрт хоёр электродыг байрлуулан өндөр хүчдэл өгөх замаар дотоод шаталтын хөдөлгүүрийг /ДШХ/ очоор асаах аргыг анх Францын иргэн Жан Жозеф 1860 онд нээжээ. Тэрээр М.Фарадейгийн цахилгаан соронзоны индукци Г. Румкорфын (Румкорфын ороомог хүчдэл нэмэгдүүлэх трансформаторын ороомог, И.Фузогын конденсаторыг ашиглах) зэрэг бүтээлүүдийг мэддэг байсан бололтой. Мөн энэ онд анхны 4 тактын дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээгч А.Отто, Е.Ланген нар шахаж хольсон түлшийг /дөлөөр/ асаах аргыг хэрэглэжээ. “Бялтат хоолой”, “Катализатор” гэхчлэн бас өөр ч нэрд гарсан олон аргууд байдаг. Очоор асаах аргыг бас хэд хэдэн зохион бүтээгчид туршиж байсан бөгөөд З.Магнус /1875/, Магнето, Сименс таслан шатаах арга зэргийг хэрэглэж байжээ. Харин К. Бенз 1882 онд өндөр хүчдлийн очийг гальванан элементийг ашиглахгүйгээр хүчдэлийн индукцийн ороомогт өгөх аргыг гаргажээ. Нам /бага/ хүчдлийн очлуур нь өндөр үнэтэй сулхан чадалтай найдвар муутай байсан учир цаашид хөгжиж чадаагүй юм. Таслагч болон хөдөлгөөнт электродын бүтцийг сайжруулан хөдөлгөөн дамжуулагчид цахилгаан соронзонг ашигласан зэрэг нь байдлыг сайжруулж төдийлөн чадахгүй байлаа. Шинээр зохиосон очлуурууд заримдаа бодож байснаас хавьгүй дор болж байв. 1920 онд Champion карбюраторт хөдөлгүүрийн эрлийз очлуур /Champion dependable priming plus/ гэгчийг хийжээ. Denso 2001 онд иридийн хайлшийг ашигласан очлуурийг зохион бүтээв. Үүний шинэлэг зүйл нь U хэлбэрт хажуугын электродыг ашигласан явдал юм. Хөдөлгүүрийн үр ашигтай ажиллагааг тодорхойлох чухал элементүүдийн нэг нь очлуур байдаг. /Зураг 1./
Хөдөлгүүрийн асалт, асаагаад орхисон сул ажиллагааны үеийн хөдөлгүүрийн жигд ажиллагаа, түлш хуваарилалт, дээд хурд авах зэрэгт очлуурын чанар шууд хамааралтай байдаг. Очлуурын ажиллагаа доголдсоноос болоод наад зах нь асаалтын системийн бусад зүйлийн ажиллагаанд /тухайлбал ороомог транблерийн таг эсвэл бегунок гэгдэгч хувиарлагч/ эсвэл металь хийг саармагжуулагч (catalizator) таны машинд тавигдсан бол түүний ажиллагааг муутгах зэрэг эвдрэлд хүргэж болдог. Ийм учраас муудсан очлуурыг тухай бүрт сольж байх ёстой. Гэхдээ таны машиныг үйлдвэрлэсэн үйлдвэрээс өгсөн уг машинд ямар төрлийн очлуур тавих тухай зааврыг дагах хэрэгтэй. Хэрэв яг тийм очлуур олдохгүй бол хэмжээ болон халаалтын чанар үзүүлэлтээрээ аль болох ойролцоог сонгох хэрэгтэй. Очлуурын хэмжигдэхүүний нэг гол үзүүлэлт нь /Калильное число/ буюу уг очлуурын дулаан дамжуулах чадвар юм. Энэ тоон үзүүлэлт хэдий чинээ их байна очлуурын дулаан дамжуулах чадвар төдий чинээ их байна. Урт резбатай очлууртай хөдөлгүүрт богино резбатай очлуурыг хийж болохгүй. Тэгвэл резба хүрээгүй хөдөлгүүрийн хэсэг тортогтож мууддаг. 1000 км гүйлт тутамд электродуудын завсар ойролцоогоор 0,015 мм ихэсдэг учир 5000 км яваад очлуурт техникийн үйлчилгээг хийх хэрэгтэй. Ихэнхи үйлдвэрлэгчид 30 000 км явсаны дараа очлуурыг сольж байхыг зөвлөсөн байдаг. Очлуурыг шалгаж баталгаат хугацаа өгдөг тийм газраас шалгаж авах нь чухал. Япон машин сонирхогчид өвөрмөц хийцтэй хажуугийн хоёр буюу гурван электродтой юм уу эсвэл электродгүйг сонирхдог. Гэвч эдгээрт давуу болон дутагдалтай тал бий. 3 электродтой очлуурт эсэргүүцэл хамгийн бага байх гэр агшинд 3 биш нэг л электрод өндөр хүчдэл үүсгэдэг. Тухайн үед бусад электродууд галын тархалтад саад болж харин түлшний конусын хөргөлтийг сааруулдаг. Тэдгээр электродод оч ирсэн агшинд сайн халж дараагийн оч ирэх хүртэл ажуухан хөрдөг. Хамгийн сайн үнэтэй очлуур ч дахин засвар авдаггүй. Гэмтэл согогтой хөдөлгүүр болон асаалтын системийг ямарч сайн очлуур аварч чадахгүй бөгөөд харин согоггүй бол ердийн очлууртай ч сайн ажиллах болно. Очлуурыг үзсэн мэргэжилтэнд бүх юм тодорхой харагддаг. Тохирсон очлуурын тусгаарлагчийн өнгө цайвар хүрэн, хэтэрхий халдаг очлуурын тусгаарлагч цагаан өнгөтэй байдаг. Калилийн тоо ихэссэн үед ачаалал багатай болон нормалдан удаан ажиллуулахад тусгаарлагчийн хормойд хаг суухаас гадна элэгдсэн хөдөлгүүрээс очлуурыг түлш, тосоор бохирдуулах явдал ч байдаг. Электрод хэтэрхий халж тусгаарлагч цагаан өнгөтэй байгаа нь гал эртэдсэн юм уу эсвэл түлшний хольц ядуурсаны шинж юм. Электрод дээр цэгэн хэлбэртэй цагаан толбо суусан байх нь очлуур хэт халж байгаагын илрэл юм. Цилиндр бүрийн очлуурыг харьцуулан үзэж чухам ямар согог байгааг мэдэж болно. “Хулхи эд” гэгч л таарахгүй байх болтугай. Харамсалтай нь манайд “хулхи” гэгч очлуур ихээр зарагддаг. Статистик үзүүлэлтээр NGK, Denso, Bosh үйлдвэрүүдийн жинхэнэ очлууруудыг сайн болохыг зөвлөсөн байдаг. Асаалтын шинэ систем нэвтрүүлж байгаа нь очлуурын чанарыг сайжруулах хариуцлагыг өндөрсгөж байгаа хэрэг юм. Тийм системүүд гэвэл Direct ignition system гэдэгт энэ чиглэлийн очлуур хийдэг үйлдвэрүүд орох бөгөөд үүнд NGK, Denso гэсэн брендүүд ордог. Галын чанар болон хөдөлгүүрийн цаашдын найдвартай ажиллагаанд асаагуурын галын тохируулга ихээхэн чухал ач холбогдолтой. Орчин үеийн асаалтын системүүд нь гал өгөхөөс өмнө шалгах, тохируулах зохих бэлтгэл /гал хувиарлагчийн вакуумыг нээх, холбоосуудын дэс дарааллыг тохируулах зэрэг/ хангахыг шаарддаг. Тиймээс асаахаас өмнө, тэр тусмаа тохируулга хийхэд стробоскоп аппаратаас гадна тухайн хөдөлгүүрийн асаалтын системүүдийн тохируулгын талаар тодорхой мэдлэгтэй байснаар үнэн зөв тохируулга хийж болно. Асаалтын системд согог байгаа бол комутатор, очлуурын утаснууд тэдгээрийн суулт, ротор, транблерын таг, таслан хувиарлагчийн контактын завсар, конденсатор зэргийг шалга. Хөдөлгүүрийг угаасаны дараа очлуурын худагт ус байгаа эсэхийг шалгавал зохино. Орчин үеийн өөрөө оношлогч хэрэгслүүд (OBD II) нь очлуур согогтой эсэхийг заахын зэрэгцээ аль цилиндрт согог байгааг заадаг. Тийм учир автомашин эзэмшигчид багаж төхөөрөмж сайтай мэргэжлийн ажиллагчидтай засварын газруудад хандаж байхыг зөвлөе.
| ||
|








