НүүрКомпанийн тухайМэдээ, мэдээлэл


SEMA 2011 ҮЗЭСГЭЛЭН ШОУ
 
12 сарын 02, 2011
 

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод SEMA (Specialty Equipment Market Association) байгууллагаас зохион байгуулдаг АНУ болон дэлхийн орон орны автомашины үйлдвэрлэл, борлуулалтын дараах зах зээл дэх хамгийн томоохон үзэсгэлэн, шоуны нэг болох SEMA SHOW 2011 –ийг Монголын Авто Тээврийн Газрын төлөөлөгчдийн хамт үзэж танилцахаар Альфа Моторс ХХК- ийг төлөөлөн миний бие жолооч орчуулагчийн хамт 2011 оны 11-р сарын 1-ны өдөр Лос Анжелес хотын LAX онгоцны буудлаас Монголоос ирэх төлөөлөгчдийг тосож авсан юм.
Бид тэр өдрийнхөө үдээс хойш Лас Вегас хот руу хөдөлсөн бөгөөд 280 орчим миль буюу 450 орчим км замыг 5 цаг орчим туулж зам зууртаа хурдны замын бүтэц, төлөвлөлт, замын хөдөлгөөний соёл, зам дагуух амрах, хооллох газрууд бүхий цэгүүд, ялангуяа том оврын ачааны автомашинуудын зогсоол мөн мэдээж хэрэг зарим хэсгээрээ манайхтай адил мэт цөл бүхий байгалийн тогтоц зэрэг үзэж харах санал солилцож ярилцах зүйл ихтэй явсаар зорьсон газартаа хүрсэн. 
11 сарын 2-ны өглөө AAPEX үзэсгэлэнгийн бүртгэлийн танхимд очиж бүртгүүлэн зүүлтээ (budge) авцгаасны дараа үзэсгэлэнгийн танилцуулгуудаа авч SEMA шоуг хойд танхимын гаднах талбайгаас нь эхэлж үзэцгээлээ. Энэ жилийн хувьд SEMA шоунд нийт 6000 гаруй байгууллага, компани оролцсоноос 500 гаруй байгууллага нь энэ жил шинээр оролцож байгаа юм байна. Эдгээр оролцогчид нь энэ жилийн үзэсгэлэн шоунд нийтдээ 1500 орчим цоо шинэ бараа бүтээгдэхүүн танилцуулж байлаа. Мөн энэхүү шоуг 100 гаруй орны нийт 100.000 орчим хүн үзэж сонирхдогоос худалдан авагчдын тоо нь энэ жилийн байдлаар 60.000 илүү гарсан нь урьд өмнөхөөсөө өссөн гэсэн тоон үзүүлэлтүүдээр энэ арга хэмжээ нь хэр том цар хүрээтэй арга хэмжээ болох нь харагдана.
Шоунд автомашины энгийн эд ангиас эхлээд хүчин чадал, чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг онцгой сайжруулсан нэмэлт тоноглол хүртэлх төрөл бүрийн эд анги, машин техникүүдийг хамгийн сонирхолтой байдлаар үзүүлж хүргэж чаддаг нь энэ шоуны бас нэг онцлог гэлтэй. Үүн дотор манай компани Монгол дахь онцгой эрхт борлуулагчийн эрхийг нь авсан алдартай K&N брэндийн 1.0 сая милийн баталгаа бүхий агаар шүүгч мөн тосны шүүрүүд үзэсгэлэнгийн гол танхимын гол хэсэгт том павилионд байрласан нь бахархалтай сайхан харагдаж байлаа. Энд манай авто тээврийн газрын төлөөлөгчдийн сонирхол татах олон зүйл байснаас онцолбол том оврын ачаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын нэгдсэн систем, улсын дугаарын үйлдвэр, сэлбэг эд ангийн чанар шалгах стенд, оношлогоо болон хяналтын багаж хэрэгсэл гэх зэргээр салбарын онцлогтой холбоотой зүйлүүд олноор байлаа. 
Мөн бидний явж байгаа аяллын нэг зорилго бол энэхүү гайхалтай үзэсгэлэн шоуг зохион байгуулдаг SEMA байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалт хийх явдал байлаа. Бидний энэ зорилгыг манай Альфа Моторс ХХК-ийн АНУ дахь түнш болох K&N Engineering Inc. компанийн олон улсын худалдаа хариуцсан менежер ноён Кевин С. Флууди биелүүлж 11 сарын 3-ны өдөр 13 цагаас үзэсгэлэн зохион байгуулагчдын VIP өрөөнд SEMA байгууллагын олон улсын асуудал эрхэлсэн захирал хатагтай Linda Spencer болон АНУ-ын төрийн департаментийн олон улсын худалдааны удирдах газрын тээвэр, машин үйлдвэрлэлийн хэлтсийн эдийн засагч хатагтай Elizabeth Couch нартай маш их үр дүнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулж өглөө. Энэ үүлзалтаар Монгол орны авто тээврийн салбарын тухай товч танилцуулж SEMA байгууллагын тухай, тэдний үйл ажиллагааны зорилго болон манай авто тээврийн салбартай холбогдож болох тэдний гишүүн байгууллагуудтай ажил хэргийн холбоо тогтооход тусламж авах мөн АНУ-ын төрийн департаментийн ижил төстэй байгууллагууптай төрийн байгууллагуудын шугамаар харилцан холбоо тогтоох боломжийн талаар зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Бид энэ харилцаа холбоогоо улам өргөжүүлэн АНУ-ын авто машин үйлдвэрлэлийн асар том зах зээлээс суралцах, шинэ техник технологи нэврүүлэх чиглэлээр улам ихийг хийх болно.
Манай аяллын дараагийн хот болох Лос Анжелес хотноо 11-р сарын 4-ний орой ирж зочдоо буудалд байрлуулсан бөгөөд амралтын өдрийн дараа буюу 11-р сарын 7-ны өдөр Лос Анжелесийн Монголчуудын холбооны тусламжтайгаар (Department of Motor Vehicles) буюу Моторт Тээврийн Хэрэгслийн газарт танилцах аялал хийх ёстой байлаа. Би урд өмнө нь Лос Анжелес орчмын Монголчуудын холбооноос Лос Анжелес хотод зохион байгуулсан Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байсан бөгөөд эдний холбоог харийн улс оронд Монголчуудын тухай эерэг, цогц ойлголт өгөх томоохон арга хэмжээг сайн зохион байгуулж байсныг харж дэмжиж байсны хувьд мэдэх юм. Энэ холбооны тэргүүн Б.Мөнхзулын хичээл зүтгэлээр Калифорни мужийн хууль тогтоох байгууллагын 26-р дүүргийн сенатор CURREN D. PRICE. JR болон түүний бие төлөөлөгч хатагтай Rebecca Bernal –ын туслалцаатай Калифорни мужийн Инглвуд хотын Моторт Тээврийн хэрэгслийн газартай танилцах аялал хийсэн юм. Биднийг очиход тус газрын гадаа бидний машинд зориулан тусгай хамгаалалт бүхий зогсоолын талбай бэлдсэн байснаас гадна танилцах аялал болон уулзалтыг дуусан дуустал хамгаалалтын ажилтнууд орчныг хянаж байсан. Ер нь бол DMV нь холбооны онцгой обьектод хамаардаг газар гэж урд нь сонсож байсан. Бид энэ газрын үйл ажиллагаатай танилцаж байхад тээврийн хэрэгслийн гэрчилгээг үнэт цаасан дээр буюу үлгэрлэвэл манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шиг хэвлээд тэр нь тухайн автомашиныг өмчлөгчид хадгалагдаж байдаг нь санаа авмаар санагдаж байлаа. Жишээлбэл: Та лизингээр машин худалдаж авсан бол гэрчилгээ нь зээл өгсөн банкинд хэрвээ бэлэн мөнгөөр авсан бол таны гэрт шүүгээнд чинь байх жишээтэй. Харин таны машинд бол одоо манайд байгаатай төстэй цаасан гэрчилгээ нь байж байдаг. Нэр шилжүүлэх буюу худалдах тохиолдолд зөвхөн үнэт цаасан дээр хэвлэсэн үндсэн гэрчилгээг үндэслэж шилжүүлэг хийдэг юм байна. Мөн манайхны ач холбогдол ихээр өгдөг азын дугаар бол тэнд нэг их онц зүйл биш хэрэв дахардаагүй л бол 7-н оронд багтаагаад үсэг, тоо, өөрийн нэр зэрэг дуртай дугаараа авч болдог юм байна. Гэхдээ мэдээж хараал болон зарим нэг гаж хэллэг гэх мэт хориглосон үгнээс бусдыг гэсэн үг. Харин энэ үйлчилгээнийхээ төлөө жил болгон тодорхой хэмжээний төлбөрийг байнга төлж байдаг юм байна. Мөн онлайнаар үйлчлэх цахим систем, дүрмийн болон жолооны шалгалт авах зэрэг DMV –ээс үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээг бидэнд дэлгэрэнгүй танилцуулсан ажил хэрэгч хүн бүхэнд нэгийг бодогдуусан үр бүтээлтэй аялал болсон гэж дүгнэж байна. Бидний Лас Вегас болон Лос Анжелес хотуудаар аялсан аяллын туршид хамт байж дэмжиж байсан Мөнхзул, Гансүх, Боби, Золжаргал, Батэрдэнэ, Аюур болон Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны бусад гишүүдэд таларал илэрхийлж цаашдынх нь бүтээж сэдэж яваа үйл хэрэгт нь уул мэт өндөр амжилтыг хүсэж улам олон Монголчууд АНУ-д зочилж төрөл бүрийн салбарын гэрэл гэгээтэй, дэвшилттэй ололттой талтай танилцаж Монгол орноо хөгжүүлэх үйлстээ өчүүхэн боловч нэмэр хандив оруулж байгааасай гэж хүсэн ерөөе.

Ч. Ганхуяг
АНУ-ын Лос Анжелес, Лас Вегас хот

2011 оны 11 сарын 8 

SEMA Байгууллагын олон улсын асуудал хариуцсан захирал хатагтай Линда Спенсерийн хамт

Certificate of title буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ Калифорни мужийн DMV төвийн олон хэл дээрх гарын авлагууд

Хурдны зам дагуух том оврын ачааны машины зогсоол

 

» Бусад Мэдээ, мэдээлэл